Өсвөр насанд эрсдэлтэй зүйлсэд татагдах, хориглосон зүйлсийг хийх хүсэлд автах нь түгээмэл. Тэр дундаа найзуудтайгаа нийлж архи, согтууруулах ундаа хэрэглэж үзэхийг тийм ч том асуудал биш гэдэгт олон өсвөр насныхан итгэдэг. Гэтэл согтууруулах ундааны сөрөх нөлөө дөнгөж тархи нь хөгжиж буй өсвөр насныханд томчуудаас илүү хүндээс тусдаг гэдгийг ихэнх хүүхэд, залуучууд мэддэггүй нь харамсалтай.
Согтууруулах ундаа өсвөр насны тархийг хэрхэн өөрчилдөг вэ?
Согтууруулах ундаа нь тайвшруулах онцгой нөлөөтэй бөгөөд төв мэдрэлийн системийг удаашруулдаг. Энэ нөлөөлөл нь өсвөр насныханд томчуудаас илүү хор уршигтай байдаг байна. Насанд хүрсэн хүнээс ялгаатай нь өсвөр насныхны элэгний үйл ажиллагаа илүү сайн байдаг учраас тэд шартах, архины хордлогонд орох мэдрэмжийг илүү бага авдаг. Үүнээсээ болоод согтууруулах ундаа тэдний биед хор нөлөө үзүүлэхгүй байна гэж итгэн, илүү олон давтамжтай ашиглах хандлагатай болдог байна. Гэтэл бодит байдал дээр тархи хамгийн их гэмтэж байдаг байна.
Согтууруулах ундааны тархинд үзүүлэх нөлөөлөл:
- Prefrontal Cortex буюу их тархины урд хэсэг – Тархины энэ хэсэг шийдвэр гаргах, төлөвлөх, асуудлыг шийдвэрлэх, импульсээ хянах, үйл хөдлөлийнхөө үр дагаврын талаар эргэцүүлэх буюу бүхэлдээ таныг ОЮУН УХААНТ ХҮН болгож байдаг хэсгийг хянадаг. Тархины энэ хэсэг хөгжиж, төлөвшихөд хамгийн их хугацаа шаардагддаг. Согтууруулах ундаа хэрэглэх нь тархины үйл ажиллагааг бүхэлд нь удаашруулж, зөв шийдвэр гаргах, анхаарлаа төвлөрүүлэх, импульс, сэтгэл хөдлөлөө хянах чадваруудыг бууруулдаг. Ингэснээр хүн өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь суларч, дараа нь харамсах үйлдэл гаргахад хүргэдэг байна.
- Hippocampus тархи – Тархины ой санамжийн төв бөгөөд шинэ мэдээллийг цэгцлэх, мэдээллийг хадгалахад тусалж, тэдгээрийг сэтгэл хөдлөлтэй холбож өгдөг чухал хэсэг юм. Согтууруулах ундаа нь богино хугацааны ой санамжаас урт хугацааны ой санамж руу мэдээллийг дамжуулах үйл ажиллагааг саатуулдаг. Өсвөр насанд архи, согтууруулах ундаа хэрэглэх нь ой тогтоолтыг бууруулж, шинэ зүйл сурах, хичээлээ хийх зэрэгт нь саад болдог байна. Судлаачдын үзэж байгаагаар өсвөр насандаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүний hippocampus тархин дахь саарал эд нь жирийн хүнийхээс бага, амигдала тархи нь илүү жижиг болдог байна.
-
Cerebellum буюу бага тархи - Төв мэдрэлийн системийн нэг чухал хэсэг бөгөөд булчингийн агшилтын ээлж дарааллыг зохицуулах ба биеийн тэнцвэрийг удирддаг. Согтууруулах ундаа уусан үед бага тархины ажиллагаа доголдож, биеэ удирдах чадваргүй болох, тэнцвэр алдагдах зэрэг асуудал үүсдэг. Ингэснээр өсвөр насныхны хувьд осолд өртөх, гэмтэж бэртэх магадлал нь нэмэгддэг байна.
Тархинд үзүүлэх бусад нөлөөлөл:
- Согтууруулах ундаа нь тархины үйл ажиллагааг удаашруулахаас гадна, сөрөг үр дагавар нь өсвөр насны тархинд насанд хүрэгчдээс илүү урт хугацаанд буюу 14 хоног хүртэл хадгалагдаж үлддэг.
- 15 наснаас өмнө согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн хүүхдийн тархи архинд донтох хам шинжтэй болох магадлал 40 хувь болдог.
Согтууруулах ундааны сэтгэцэд үзүүлэх сөрөг нөлөө
Өсвөр насныхан сэтгэл зүйн дархлаа султай, амьдралд тохиолдох олон асуудлыг өөртөө хүндээр тусгаж авах, амархан хямрах, сэтгэл санаагаар унах хандлагатай байдаг. Энэ үедээ өөрт төрж буй сөрөг мэдрэмжүүдийг дарах зорилгоор согтууруулах ундаа хэрэглэх нь элбэг. Гэхдээ согтууруулах ундаа бол хоёр иртэй жадтай адилхан бөгөөд сэтгэл санаа тайвшруулах нөлөө нь маш богино хугацаанд л үргэлжилдэг. Харин нөлөөлөл нь гарсны дараа сэтгэл зүйн асуудал улам бүр хүндрэх эрсдэл өндөртэй байдаг.
Сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөө:
- Согтууруулах ундаа хэрэглэдэг өсвөр насныхан насанд хүрсэн хойноо сэтгэлзүйн хямрал, амиа хорлох, сэтгэцийн эмгэг зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөх эрсдэл өндөр байдаг.
- 12-17 насны согтууруулах ундаа хэрэглэдэг өсвөр насныхны дунд авсан судалгаанаас харахад 31% нь сэтгэлзүйн хямралтай, 39% нь зан төлөвийн ноцтой асуудалтай болсон байсан байна.
- Бага наснаасаа согтууруулах ундаа хэрэглэх нь цаашлаад насанд хүрсэн хойноо илүү хүчтэй сэтгэцэд нөлөөлдөг бодисууд ашиглах магадлалыг 20-50 дахин нэмэгдүүлдэг байна.
Тархи хөгжиж байх үед согтууруулах ундаа хэрэглэх нь өсвөр насныханд урт хугацааны сэтгэлзүйн асуудал үүсгэх, сурч хөгжих чадварыг сулруулах эрсдэлтэй. Энэ нь эцэстээ хичээл сургууль, цаашлаад ажил хөдөлмөртөө өөрийн бүрэн потенциалыг гаргах чадварын хязгаарлах том дөнгө болж хувирдаг гэдгийг санаарай.
Чиний найз Asuuna 😉
Эх сурвалж: