Чи сургууль, ангийнхаа орчинд магадгүй гэртээ харих замдаа дээрэлхэлтэд өртөх эсвэл тийм тохиолдолтой таарч байсан удаатай юу? Дээрэлхэлт гэдэг нь хэн нэгэнд сэтгэл санааны болон бие махбодын хохирол учруулахыг хэлнэ. Энэ төрлийн хохирол нь санаатайгаар тухайн хүүхдийг эмзэглүүлэх зүйл хэлэх, өвтгөх үйлдэл хийхээр илэрнэ. Ихэнх дээрэлхэлтэд өртсөн өсвөр насныхан түүний эсрэг үйлдэл хийж чадахгүйд хүрч, өөрсдөө хүчгүй мэт мэдрэмж авдаг. Тиймээс ч дээрэлхэлтийн гол зорилго нь хэн нэгэн хүүхдийг онцолж сүрдүүлэх, заналхийлэх, хүчгүй болгох байдаг. Уг үйлдэл ажлын газар, гэрт, онлайнаар хаана ч үйлдэгдэх боломжтой. Харамсалтай нь өсвөр насныхны дээрэлхэлт голдуу сургуулийн орчин болон онлайн хэлбэрт ихээр явагдсаар...
Гэвч эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн орчны дээрэлхэлт гэхээр байдаг зүйл мэтээр хүлээж аваад сурсан байдаг. Учир нь хэн нэгнийг дээрэлхэж доромжилно гэдэг одоо цагт л гэнэт гарч ирсэн асуудал биш, эсвэл чамайг дээрэлхэж буй тэр хүүхэд эсвэл дээрэлхүүлж буй чи болон чиний найзад байгаа юм биш гэж боддогт асуудал бий. Гэвч үнэндээ дээрэлхэлтэнд өртөх нь тухайн хүний сэтгэл зүй болоод ирээдүйн айдас түгшүүр, зан чанарт ихээхэн нөлөөлдөг зүйл.
Дээрэлхэлт явагддаг шалтгаан
Бусдыг дээрэлхэх олон шалтаг шалтгаанууд бий. Үүнээс зарим түгээмэл шалтгааныг дурдвал:
- Өөрсдийгөө бусдаас илүү гэсэн мэдрэмж авахын тулд
- Аз жаргалгүй байдлаа нуух болон уураа хянаж чаддаггүй байх
- Өөрөө ямар нэг байдлаар дээрэлхэлтэнд өртөж байсан
- Хэн нэгэн шиг байхыг хүсэж, даган дуурайх
- Өөртөө хэтэрхий итгэлтэй байх
Дээрэлхэлт дараах төрлөөр илэрдэг
- Хэл амаар дээрэлхэх- Хэн нэгнийг хараалын үгээр хараах болон царай зүс, биеийн бүтэц, сурлага хүмүүжил, аялга яриа, зан араншингаар нь доромжилж, эмзэглэхээр үг хэлэх.
- Бие махбодоор дээрэлхэх- Дэгээдэх, түлхэх, мөрлөх, цохих, алгадах гэх мэт биеэр үйлдэл гаргаж хохироох.
- Гадуурхах- Анги хамт олон, найз нөхдөөсөө ялган гадуурхаж, шоглох.
- Мөнгө нэхэх- Мөнгө нэхэж, өгөхгүй бол ална шүү, зодно шүү, ...-д хэлнэ шүү гэх мэтээр сүрдүүлж мөнгө авах.
- Үгэн бус буюу цахим орчин дахь- Одоогийн нийгэмд хамгийн их гарч буй дээрэлхэлтийн төрөл. Энэ нь чатаар янз янзын сүрдүүлэх үгсээр бичиж хараах, постон дээр нь элдэв үгсээр доромжилж бичих.
- Эд хөрөнгөд халдах- Орц, гудамж, сургуулийн орчинд хэн нэгний эд зүйлсэд халдаж булаахыг завдах эсвэл эд хэрэглэлийг нь завааруулах, сүйтгэх, урах, газарт унагаах зэрэг орно.
Чи юу хийж чадах вэ?
Хэрвээ чи эсвэл чиний мэддэг хэн нэгэн дээрэлхэлтэнд өртсөн тохиолдолд хийж чадах хэд хэдэн зүйл бий. Үүнд:
- Насанд хүрсэн, өөрийн хамгийн итгэлтэй хүнд хэлэх. Гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгч гэх мэт чамайг шүүмжилж буруутгахааргүй хүнд хэлж ярилцах, суралцах. Хэн нэгэнтэй ярилцах нь бүтэлгүйтэл, айдсыг багасгахад тусалж магадгүй.
- Тоохгүй байх. Дээрэлхэлт нөгөөтэйгөөр хариу үйлдэлд дуртай байдаг. Тиймээс өөрт чинь хамаагүй мэт тоохгүй өнгөрөх нь зүйтэй. Дээрэлхсэн хүнтэйгээ барьцалдаж аван зодолдох юм уу ямар нэг хариу үйлдэл үзүүлэх нь чамайг илүү өвтгөж, асуудалд хүргэнэ. Тиймээс тухайн үед яаж ч уур чинь хүрсэн арай өөрөөр тэмцэх нь чухал.
- Толгойгоо өргөж, өөртөө итгэлтэйгээр ярилцах. Энэ төрлийн биеийн хэлэмж ашиглах нь чамайг тухайн хүнээс айхгүй, эмзэглэхгүй байгаа гэдгийг илэрхийлэх мессеж юм. Мөн өөртөө итгэлтэй байдал нь дахин чамайг өдөх, дээрэлхэх шалтгааныг үгүй хийхэд ч хүргэж мэднэ.
- Шулуун шударга байх. Түүний зан чанар үнэхээр хэвийн, өөрчлөлттэй биш л бол тухайн хүн ямар шалтгаанаар яагаад чамайг дээрэлхээд байгааг асуух, ярилцах нь чухал.
- Тухтай байхад суралцах. Чиний ямар нэг зан чанар, үйлдлийг гадуурхахад тоохгүй байгаа мэт хариу үйлдэл үзүүлж сурах. Эхэндээ чамд эвгүй байх ч гэсэн худлаа ч хамаагүй жүжиглэ.
- Үнэнч найзаа хайж олох. Ганцаараа байхад гадуурхалт, дээрэлхэлт тохиолдох боломж илүү их байдаг. Тиймээс зан чанар сайтай зөв хүнтэй найз болох нь илүү аюулгүй, найдвартай байх болно.
- Хэн нэгэн эсвэл найзуудыгаа дээрэлхүүлж байвал тэмцдэг байх. Чиний үйлдэл дээрэлхэлтийг зогсооход тусалж чадна.
- Сургуулийнхаа дээрэлхэлт, хүчирхийллийн эсрэг хөтөлбөрт хамрагдах.
Эцэст нь дүгнэж хэлэхэд дээрэлхэлт, гадуурхалт гэдэг бол зөвхөн сургуулийн орчинд өсвөр насныханд тохиолддог зүйл биш. Цаашид амьдрал дээр гараад ажил дээр, Монгол төдийгүй гадны улс оронд ч байсаар байдаг зүйл. Хамгийн чухал нь дээрэлхүүлж буй хүн бүхэнд тэрхүү мэдрэмж сайхан санагддаггүй, хүн бүхэн зорьж дээрэлхүүлдэггүй шүү дээ.
Тиймээс нөгөө хүний асуудлаас болдог хэдий ч давхар өөрт чинь ч асуудал байж мэднэ. Тэгэхээр анхнаасаа өөртөө арчаатай зөв хүн байж, сурлага болоод өөрийн харагдах байдал, зан чанартаа анхаарч найз нөхөд, хамт олонтойгоо нийтэч байх нь ихээхэн нөлөөлөх зүйл юм шүү. Мөн өөрөө дээрх төрлийн ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлтэнд өртдөггүй байсан ч ийм нөхцөлд бусдадаа болох болохгүйг нь хэлдэг байгаарай. Дээрэлхэж, дээрэлхүүлж буй аль ч талын хүүхдүүдийн ирээдүйн өөртөө итгэх итгэл, ирээдүйд ямар хүн байх үндэс суурь чухал нас юм шүү дээ.
Чиний найз Asuuna 😉