Магадгүй чи нойтон зүүд гэдэг үгийг хаа нэгтээ олонтаа сонсож байсан байх. Тиймдээ ч бидний дунд нойтон зүүд гэхээр өсвөр насны хөвгүүдийн л асуудал гэх түгээмэл ойлголт бий. Тэгвэл энэхүү нийтлэлээр нойтон зүүд гэж чухам юу болох, зүүдлэх шалтгаан зэргийг тайлбарлах болно.
Нойтон зүүдийг нөгөөтэйгүүр шөнийн гадагшлуулалт гэнэ. Энэ нь биеийн эд эрхтэнд нөлөөлдөг үйл явц ба хүн унтаж байхдаа дур тавихыг хэлнэ. Өсвөр наснаас насанд хүрэгчид, эрэгтэйгээс эмэгтэй гээд бүгд л нойтон зүүд зүүдлэх боломжтой. Гэсэн хэдий ч голдуу өсвөр насныхан зүүдэлдэг ба огт зүүдлэж үзээгүй өсвөр насаа өнгөрөөсөн ч хүмүүс байдаг.
Нойтон зүүдний шинж тэмдэг
Нойтон зүүд хүнийг унтаж байх үед өөрөө дур тавих үйл явц. Өөрөөр хэлбэл таашаал нь чиний бие махбодид биш тархинд бий болж, шодой буюу эр бэлэг эрхтнээс цагаавтар өнгийн шингэн зүйл шөнө буюу унтаж байх цагаар ялгарна. Харин эмэгтэйчүүдэд үтрээ норж, чийгшин, гулгамтгай болно гэсэн үг.
Нойтон зүүдлэх шалтгаан
- Эротик зүүд: Энэ төрлийн зүүд зүүдлэснээр тархи мэдрэлийн төврүү бэлгийн харилцаанд орсон гэсэн дохиог дамжуулна.
- Тестостерон буюу эрэгтэй хүний бэлгийн даавар огцом ихсэх: Нойтон зүүд тестостероны хэмжээ ихсэхтэй холбоотой байдаг ба энэ нь өсвөр наснаас насанд хүрэх эхэн үе хүртэлх жилүүдэд өснө.
- Бэлгийн сэрэл: Унтаж байх явцад бэлэг эрхтэн дэвсгэрийн даавуу зэрэгт санаандгүй шүргэх үед сэрэл хөдлөхөд нөлөөлөх шалтгаан болдог.
Дээрх шалтгаануудаас үүдэж нойтон зүүд зүүдлэх шалтгаан болдог. Энэ үед унтаж байхад бэлэг эрхтэнрүү урсах цусны урсгал нэмэгдэнэ. Улмаар эрэгтэйчүүдийн хувьд, энэ нь хөвчрөл буюу бэлэг эрхтнийг босгоход хүргэж шингэн ялгаруулна.
Нойтон зүүд зүүдлэх нас
Ерөнхийдөө 13-17 насанд эхэлдэг ба ихэнх хөвгүүдийн дунджаас авч үзэхэд 14 насанд нойтон зүүд зүүдлэж эхэлдэг байна. Энэ үед хөвгүүдийн бэлгийн бойжилт явагдаж байдаг ба бэлэг эрхтний хэмжээ томорч, хоолойны өнгө бүдүүрдэг. Ингэснээр дур тавих үедээ эр бэлгийн эс ялгаруулах чадвартай болно гэсэн үг.
Нойтон зүүдний биед үзүүлэх нөлөө
Нойтон зүүд их бага зүүдлэх нь биений хөгжил болоод өндөрт нөлөөлдөг гэх ташуу ойлголтууд олон байдаг. Гэвч шууд утгаараа нойтон зүүд өсөлтөнд нөлөөлөхгүй. Нойтон зүүд зүүдлэж эхлэх нас нь бэлгийн бойжилтын үед явагдаж эхэлдэг ба энэ нь биемахбодид өөрчлөлтүүд явагдах, хүүхдээс том хүн болох шилжилтийн үеийг хэлнэ. Ингэснээр ихэнх хөвгүүдийн бие, нүүрний хэсгүүдэд үс ургаж, бэлэг эрхтэн нь хөвчирдөг ба тестостерон буюу эр бэлгийн даавар илүү ялгаруулж байдаг. Харин охидын хувьд хөх нь ургаж, анхны сарын тэмдэг ирэх шинж тэмдэг үзэгдэнэ.
Өдөр бүр нойтон зүүд зүүдлэх нь хэвийн
Нойтон зүүдийг хянах эсвэл зогсоох ямар нэг арга байхгүй. Мөн нойтон зүүдийг зүүдлэх зөв зохистой давтамжит хугацаа гэж байхгүй. Хэр их давтамжтай зүүдлэх нь хүн хүний онцлогоос шалтгаалан өөр байдаг. Зарим нь амьдралынхаа туршид 1-2 удаа зүүдлэдэг бол зарим нь 7 хоног бүр тогтмол зүүдлэх нь ч бий.
Эцэст нь хэлэхэд нойтон зүүд гэдэг чиний биеийн эрхтэний бүтэц ямар байх, хэр их сэрэл мэдрэхүйтэй байх, бэлгийн харилцааны талаар хэр их боддог байх аль нь ч хамаагүй. Мөн үеийнхэн чинь нойтон зүүд зүүдлэж үзсэн байх, үзээгүй байх түүнийг шоолж инээх шалтгаан биш. Нойтон зүүд бол хүний амьдралд тохиолдоод өнгөрдөг байгалийн зүйл ба хэн нэгнээс ичиж санаа зовоод байх юм биш шүү. Тиймээс өсвөр нас гэдэг энэ нандин насандаа хэвийн тохиолддог бүхий л зүйлийг энгийнээр хүлээж авч, аливаад өөдрөг байгаарай.
Чиний найз Asuuna 😉