Жирэмслэлтээс хамгаалах эм таргалуулдаг, эм уугаад амархан уйлаад эмзэг болдог гэх мэт янз бүрийн мэдээллийг найзуудаасаа болон сошиалаар зөндөө харж л байсан байх. Тэгвэл таны эдгээр мэдлэгийг цэгцлэхээр жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийн талаар хамгийн түгээмэл асуултанд хариулах болно.
1. Жирэмслэлтээс хамгаалах эм бүгд адилхан уу?
Үгүй ээ, жирэмслэлтээс хамгаалах эм нь зөвхөн прогестоген агуулсан болон холимог гэж үндсэн 2 төрөл байдаг.
Зөвхөн прогестоген агуулсан эм нь сарын тэмдгийн мөчлөгийн өдөр бүр тогтмол цагт уух ёстой. Хавсарсан найрлагатай эмтэй харьцуулахад үр дүн багатай боловч гаж нөлөө ч гэсэн багатай байдаг.
Хавсарсан найрлага бүхий эм нь эстроген болон прогестоген агуулдаг ба 21 өдрийн турш ууж 7 хоног завсарладаг.
2. Хавсарсан эм хэрэглэж байх хугацаанд 7 хоног завсарлаж байх үеэр бэлгийн харьцаанд ороход аюулгүй юу?
Тиймээ, өмнөх эмнүүдийг зааврын дагуу л уусан бол эмийн үйлчлэл алдагдахгүй хэвээр байх болно.
Мөн хэрэв завсарлагааны үеэр бэлгийн хавьталд орсон бол дараагийн багцаа цаг тухайд нь эхлүүлээрэй.
3. Тогтмол эм ууж чаддаггүй бол яах вэ эрсдэлтэй юу?
Тиймээ, Эмийг өдөр бүр тогтмол цагт хэрэглэснээр өндгөвчинд ачаалал үүсгэхгүйгээр даавар өндгөн эс боловсрох үйл явцыг дарангуйлдаг тул нэг өдөр л уухгүй өнжихөд жирэмслэх магадлалтай. Тиймээс хэрвээ 7 хоног өнжөөд уух хэцүү байвал өдөр болгон уудаг хувилбарыг ч сонгож болно. Хүсвэл android болон apple store дээр pill reminder гэх мэт эм уух сануулга үүсгэдэг апликейшн ашиглаарай.
4. Миний сарын тэмдэгт нөлөөлөх үү?
Ихэнх тохиолдолд эерэг нөлөөтэй. Дааврын эмийг зөвхөн жирэмслэлтээс хамгаалахаас гадна сарын тэмдэг мөчлөг тогтворжуулах, сарын тэмдгийн өвдөлтийг бууруулах зорилгоор ашигладаг.
5. Эмээ уугаад удаагүй бөөлжиж гүйлгэсэн бол эмийн үйлчлэл хэвээрээ байх уу?
Эм уусны дараа 3-4 цагийн дотор бөөлжих эсвэл суулгасан бол эмийн үйлчилгээ буурна. Тиймээс аль ч тохиолдолд 12 цагийн дотор нэмэлт уух шаардлагатай.
6. Эмээ уухаа мартсан бол яах вэ?
Жирэмслэлтээс хамгаалах эмээ уухаа мартсан тохиолдолд эмийн зааврын дагуу 12 цаг дотор бол үргэлжлүүлэн дараагийн шахмалыг уух хэрэгтэй. Мэдээж мартсан бол эмийн үйлчилгээ сулрах тул энэ хугацаанд бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэхийг зөвлөе.
7. Сарын тэмдгийн мөчлөг хооронд цусархаг зүйл бага хэмжээгээр гарч байгаа. Энэ хэвийн үү?
Ихэнх тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаа эхний саруудад мөчлөг хооронд цус гарах нь элбэг байдаг. Дараагийн мөчлөгөөс хэвийн болдог тул санаа зоволтгүй эмээ үргэлжлүүлж болно. Харин их хэмжээний цус гарах зогсохгүй урт хугацаагаар үргэлжилбэл та мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.
8. Би эмтэйгээ давхар антибиотик хэрэглэж байгаа энэ эмийн үйлчлэлийг бууруулах уу?
Зарим төрлийн антибиотик болон жороор олгох эмүүдийн үйлчилгээнд нөлөөлж болно. Гэхдээ ямар эмтэй хавсарч хэрэглэж байгаагаас шалтгаалах тул та жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаа гэдгээ заавал эмч бичиж өгч буй эмчдээ мэдэгдээрэй.
9. Би эмээ ууж байгаа ч энэ сар сарын тэмдэг ирсэнгүй. Би жирэмсэн болсон гэсэн үг үү?
Хэрэв та эмээ тогтмол ууж байгаа бол эдгээр эмийн үйлчилгээ өндөр үр дүнтэй болохоор жирэмслэх магадлал тун бага. Зааврын дагуу хэрэглэсэн л бол та жирэмсэн биш. Харин сарын тэмдэг 2 сар ирэхгүй болон түүнээс дээш хугацаагаар ирэхгүй бол та эмэгтэйчүүдийн мэргэшсэн эмчид хандаарай.
10. Эм БЗХӨ -с хамгаалах уу?
Үгүй, жирэмслэлтээс хамгаалах эм нь БЗХӨ -с хамгаалахгүй. Тиймээс хэрэв та хамтрагчтаа эргэлзэж байгаа бол бэлгэвч хэрэглэхийг зөвлөж байна.
11. Жирэмслэлтээс хамгаалах эм таргалуулдаг уу?
Яахав бага зэрэг, Ихэнх эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэж эхлээд таргалаад байна гэж хэлдэг. Эмийн найрлагад таргалуулдаг төрлийн ямар нэг бодис мэдээж байхгүй. Эм нь цэвэр дааврын бүтээгдэхүүн бөгөөд даавар нь өөрөө биеийн шингэнийн хуримтлуулах хандлагатай байдаг. Иийд энэ бол таргалалт биш бөгөөд та жин нэмлээ гэхэд хамгийн ихдээ л 1,5кг нэмдэг.
12. Хөхний хэмжээ томордог уу?
Үгүй. Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэсэнтэй хамааралгүйгээр биеийн юм ирэх дөхөх үед хөх хөндүүрлэж, томорсон мэдрэмж зарим хүмүүст ажиглагддаг.
13. Жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаанд хэрэглэх нь үргүйдэл үүсгэдэг үү?
Үгүй, Жирэмслэлтээс хамгаалах эм нь үргүйдэл үүсгэдэг талаар батлагдсан судалгаа байхгүй. Магадгүй өндгөвчний хэвийн үйл ажиллагаа сэргэх хүртэл 4 долоо хоногоос – 3 сарын дараа жирэмслэх тохиолдол байдаг.
14. Ууж байгаа эм маань таалагдахгүй бол сольж болох уу ?
Болно. Гэхдээ мэдээж эмчийн заавраар солих хэрэгтэйг анхаараарай. Ойр ойрхон эмээ солих нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг бодолцож үзэх хэрэгтэй шүү.
15. Эм хэрэглэхэд насны хязгаар байгаа юу?
Үгүй. Ер нь залуу охидууд эм илүү тохиромжтой. Даавар тэнцвэржүүлэх, сарын тэмдгийн өвдөлт, болон батгашилт зэрэг тустай. Мэдээж хүсээгүй жирэмслэлт үр хөндөлтөөс таныг хамгаална.
Чиний найз Asuuna 😉