Та өсвөр насны хүүхэдтэй юу? Тэдэнтэйгээ илэн далангүй ярилцмаар байв ч яах учраа олохгүй байна уу? Тэгвэл танд туслах нэгэн шийдлийг танилцуулъя.

Хүний амьдралын эхний 25 жил бол цаашдын замналыг нь тодорхойлдог чухал бөгөөд эгзэгтэй үе. Өсвөр насанд шилжилт хурдацтай явагдаж, амьдралын үе шатууд хоорондоо давхцах хандлагатай байдаг. Энэ үед өсвөр насныхан бие махбодын, бэлгийн болон оюун ухааны хөгжлийн олон өөрчлөлт сорилтуудыг даван гарах хэрэгтэй болдог. Мэдээж тэр хэмжээгээр үүсэх эрсдэлүүд ч гэсэн нэмэгддэг.

Өсвөр насныхны хувьд тэрхүү эрсдэлт хүчин зүйлс нь илүү сэтгэлзүйн шинж чанартай болох нь “Монголын өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа”-аар тогтоогдсон билээ. Уг судалгаанаас харахад:

  • Судалгаанд оролцогчдын 42.6 хувь нь өөрийн харагдах байдал, гадаад үзэмждээ заримдаа дурамжхан байдаг хэмээсэн бол 23 хувь нь үргэлж сэтгэл дундуур байдаг.
  • Судалгаанд оролцогч таван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар нухацтай боддог, өсвөр насны зургаан хүүхэд тутмын нэг нь дор хаяж нэг удаа амиа хорлох үйлдэл хийж байсан.
  • Өсвөр насны 10 хүүхэд тутмын долоо нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж байсан зэрэг харамсалтай үр дүн бий.

Мөн 12-18 насанд эцэг эхтэйгээ харилцан ярилцах нь бага насны үетэй нь харьцуулахад харьцангуй багасаж, зан төлөв нь өөрчлөгддөг. Гэвч зарим эцэг эхчүүд үүнийг өсвөр насны онцлог талаас нь хүлээн авахгүй зандарч өөрийнхөө үзэл бодлыг тулгаснаар байдлыг улам дордуулж хүүхэдтэйгээ үл ойлголцох, маргах тохиолдол цөөнгүй гардаг. Мөн тулгамдаж буй асуудлаа нуух нь эцэг эхчүүдийн хувьд тэднээс хөндийрсөн мэт сэтгэгдэл төрүүлж эхэлдэг.

Тэгвэл хүүхэд яагаад эцэг эхээсээ юм нууж, ярилцах нь багасдаг вэ? Учир нь тэдний насныханд тулгардаг гол асуудлууд нь ихэвчлэн том хүн болохтой холбоотой байдаг ба уг сэдвээр аав ээжтэйгээ ярих нь тэдэнд эвгүй байдаг байна. Харин тэдгээр асуудлаа найз нөхдөөсөө асуух нь хялбар байдаг учраас үеийнхнээсээ зөвлөгөө авах нь түгээмэл. Гэвч тэд ч гэсэн ямар ч мэдлэг туршлагагүйгээс нэгэндээ буруу зөвлөгөө, мэдээлэл өгдөг нь харамсалтай.

Түүнчлэн өсвөр насныхан өөрт тулгарч буй асуудлаа нээлттэй илэрхийлж, тусламж авч чаддаггүйгээс үүдэн түрэмгийлэл хүчирхийлэл үйлдэх, бэлгийн эрсдэлтэй зан үйл хийх, тамхи, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг эрсдэлтэй зүйлсэд татагдан орох магадлалтай байдаг. Тиймээс тэдэнд мэргэжлийн зөвлөгөө хамгийн чухал.

Иймд, Мандал Эрсдэлийн Сургуулийн зүгээс өсвөр насныхны энэхүү онцлогийг харгалзан үзэж, тэдний хамгийн их асуухыг хүсдэг асуултуудад нь хариулт өгөх, хариултуудаараа дамжуулан тэдэнд боловсрол олгох, ирээдүйдээ зөв сонголтууд хийхэд нь чиглүүлэх зорилгоор “АSUUNA” вэбсайтыг нэвтрүүлээд байна.

Таны хүүхдийн үерхэл, нөхөрлөл, эрүүл мэнд, бэлгийн бойжилт болон зүгээр л том болохтой холбоотой үүсдэг олон мянган асуултуудад нь хариулахад ASUUNA тусална. Бид асуулт бүрийн хариултыг сэтгэлзүй, эрүүл мэнд, боловсролын чиглэлийн чадварлаг мэргэжилтнүүдтэй хамтран нарийвчлан бэлтгэсэн тул сошиал орчин шиг хүүхдүүдийг төөрөгдүүлэх, буруу мэдээлэл өгөх эрсдэлгүй гэдгээрээ онцлог юм.

 

Хайртай үрсээ Мандал Эрсдэлийн Сургуульд хамруулаарай!

4-12 насны хүүхдүүдэд зориулсан эрсдэлийн хичээлд хамрагдах → ЭНД ДАР

Өсвөр насныхны асуулт хариултын вэбсайтаар зочлох → ЭНД ДАР