Хооллолтын бэрхшээл нь ихэвчлэн өсвөр насанд болон 20-30 насанд түгээмэл тохиолддог. Энэ нь хооллох хэвийн байдал алдагдаж эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх явдал юм. Энэхүү эмгэг нь дотроо хэд хэдэн төрлүүдэд хуваагдана. Эдгээрээс хамгийн нийтлэг тохиолддог нь анорексия буюу хоол идэхээс татгалзах, хоёрдугаарт булимия буюу хэт их хоол идэх эмгэгүүд юм.
Хооллох хэвийн байдал алдагдсанаар биед шаардлагатай витамин, шим тэжээлийн хэмжээ хэт ихсэх эсвэл багасдаг ба биеийн амин чухал эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдоход хүрдэг. Тодруулбал, зүрх судас, хоол боловсруулах тогтолцоо, яс, шүд, амны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Үүний зэрэгцээ хооллолтын бэрхшээл нь хүндэрсэн тохиолдолд сэтгэл гутралд орох, нийгмийн харилцаанд муудах, амиа егүүтгэх талаар бодох, түүнийгээ үйлдэл болгох зэрэг аюултай нөхцөл байдлууд үүсдэг.
Хооллолтын бэрхшээл юунаас болж үүсдэг вэ?
Дээр дурдсанчлан хооллолтын бэрхшээл нь өсвөр насныхан болон 20-30 насанд элбэг тохиолддог. Үүний зэрэгцээ нийт тохиолдлын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Өсвөр насанд уг эмгэг тохиолдох нь тэдний насны болон биеийн хөгжилтэй холбон тайлбарлаж болох болов уу. Тодруулбал, өсвөр насанд тэдний нийгмийн харилцааны хэрэгцээ илүү нэмэгддэг тул анги хамт олон, үе тэнгийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөх, тэдэнтэй дотно нөхөрлөх хүсэл нь давамгайлдаг. Иймдээ ч нийгмийн тогтоосон стандартад нийцэхийн тулд гадаад төрхдөө хэт их анхаарах тохиолдол гарах нь олонтоо.
Мөн энэ насанд биеийн хөгжил хамгийн эрчимтэй явагдаж байдаг тул маш их энерги шаардагддаг. Үүнийгээ дагаад ч өдөрт авах шаардлагатай витамин, эрдэс бодисын хэмжээ нэмэгдэнэ. Тухайн мөчид өөрийн бие махбодод явагдаж буй өөрчлөлтийг таньж, мэдэхгүйн улмаас хооллолтын хэвийн байдлыг алдагдуулах магадлал өндөрсөнө.
Анагаах ухааны зүгээс дараах хүчин зүйлсийг хооллолтын бэрхшээл бий болоход нөлөөлдөг гэж тодорхойлсон байдаг. Үүнд:
- Удамшил – Гэр бүлийн хэн нэгэн хооллолтын бэрхшээлтэй бол өвчлөх магадлал нэмэгдэнэ
- Сэтгэл зүйн өөрчлөлт – Өөртөө итгэлгүй, сэтгэл гутралд амархан өртдөг байх
- Нийгмийн харилцаа муу байх – Бусадтай таардаггүй, ангийн хүүхдүүд, хамт олны дунд нэр хүнд муутай байх
- Нас хүйсийн онцлог – Өсвөр насныхан, 20-30 насны эмэгтэйчүүд
- Илүүдэл жинтэй эсвэл хэт таргалалттай байх
Хооллолтын бэрхшээлийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Хоол идэхгүйн тулд шалтаг тоочих
- Махан хоол идэхгүй байх
- Гэр бүлийнхэнтэйгээ хооллохгүй байх
- Бусадтай харьцах дургүй болох
- Жин хасах тухай ярих атлаа хичээл зүтгэл гаргахгүй байх, хэт тарган байх
- Хэт их дасгал хийх
- Хоол идсэний дараа бөөлжих
- Нууцаар идэх
- Хоолноос сэжиглэх
Хэрэв танд болон таны ойр дотнын хэн нэгэнд их хэмжээгээр иддэг болох эсвэл огт хоол идэхгүй байх, өөрийн эрхгүй хоолноос айх зэрэг шинж тэмдэг илэрвэл зайлшгүй эмчид хандахыг зөвлөж байна.
Төрөл |
Тайлбар |
Анорексия нервоза |
Жин нэмэхээс маш ихээр айснаас болж хоол идэх хүсэлгүй болох, хоол идэхийг хүссэн ч хоол хоолойгоор давахгүй байх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Анорексиягаар өвчилсөн хүмүүс жин багатай байх бөгөөд энэ байдлаа хадгалахын тул хоолоо бөөлжиж гаргах, ховор тохиолдолд өлсөж үхэх хүртэл аюултай. Удаан хугацаанд хатуу хоолны дэглэм барих, хоол хүнсээр дамжуулан хангалттай шим тэжээл авч чадахгүй байх үед хоол боловсруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эргээд хэвийн хооллохыг хүссэн ч хүндрэл учрах эрсдэлтэй болохыг ойлгох нь зүйтэй. |
Булимиа нервоза
|
Энэ нь маш их идэх эмгэг бөгөөд эрүүл мэнд, амь насанд эрсдэл ихтэй өвчин юм. Өдөр тутамдаа хэвийн хэмжээтэй идэх боловч үе үе булимиа хөдөлж өөрийн идэх хүслийг дарж чадахгүйд хүрдэг. |
Их идэх өвчин
|
Энэ нь булимиа нервозагаас ялгаатай нь хэвийн үед хэт их идэж өөрийн идэх хүслийг дарж чаддаггүй. Цадсан ч идэх хүсэл нь хэвээрээ мэдрэгддэг. Их идэх өвчнөөс үүдэн биеийн жин нь хэт нэмэгдэж улмаас анорексия, булимиа зэргээр хавсарч өвчлөх магадлалтай. |
Пика өвчин
|
Энэ өвчний үед саван, даавуу, шороо, хүүхдийн тальк, цаас зэрэг хоол хүнсэнд зориулалтгүй зүйлсийг иддэг байна. Эдгээрийг ойр ойрхон идсэнээр нарийн гэдэсний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Пика нь сэтгэл зүйн тогтворгүй байдал, төмрийн дутагдал, аутизм, сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой байж болно. |
Эргэж гаргах өвчин
|
Энэ өвчний үед хоол идсэний дараа бөөлжиж гаргах, эсвэл хоолыг зажилсан хэр нь залгиж чадахгүй байх шинж тэмдгүүдээр илэрдэг. Эргэж гаргах өвчнөөр өвчилсөн тохиолдолд тэжээлийн дутагдалд орж турах магадлалтай ба сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст элбэг тохиолддог. |
Хоол идэхээс зайлсхийх
|
Энэ үед хоолыг таргалуулна гэж айхгүй боловч өнгө, үнэр, агууламжаас нь айж идэхийг хүсэхгүй болно. Хоолонд хахаж үхэхээс айх тохиолдолд ч мөн энэ эмгэгт өртдөг. |
Хооллолтын бэрхшээлийг хэрхэн эмчлэх вэ?
Энэ төрлийн өвчнийг эмээр эмчлэх боломжгүй тул сэтгэл зүйн хувьд тогтворжуулах эмчилгээ голлодог. Түүнчлэн бие махбодын хувьд шим тэжээлийн дутагдалд орсон бол нөхөх зорилготой эмчилгээг мөн хийдэг байна.
Мэдээж хэрэг хүн биеийн эд эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах витамин, эрдэс бодисыг авдаг. Харин хооллолтын бэрхшээлийн үед эдгээрийн тэнцвэрт байдал алдагддаг тул тэдгээрээс үүдсэн бусад эд, эрхтний гэмтэл, эмгэгийг мөн илрүүлэн оношилж, тухайлсан эмчилгээг хийнэ.
Хооллолтын бэрхшээлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Өсвөр насны хүүхдүүдийнхээ хооллолтыг хянах, тэдэнтэй үргэлж ярилцдаг байх
- Хүүхдийнхээ жинг анхаарах. Ихэнх эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийнхээ биеийн жинд төдийлөн ач холбогдол өгдөггүйгээс хүүхэд хэт таргалж, улмаар өөртөө итгэлгүй болж цаашлаад сэтгэл зүйн асуудлуудад өртөж эхэлдэг
- Сэтгэл зүйн хувьд тогтвортой байж өөрийгөө бусдаас тусгаарлахгүй байх
- Хэвийн жинтэй байх, илүүдэл жинг эрүүлээр хаях мэдлэгтэй байх
- Эрүүл хооллолтын талаарх мэдлэгээ тэлэх
- Амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэх