Өсвөр насанд тэр дундаа эрэгтэйчүүдийн дунд буруу зуршилд автах буюу архи тамхи хэрэглэж үзэх хүсэлд автах нь түгээмэл. Мөн вэйп бол тамхи биш гэх ташуу ойлголтууд ч түгээмэл. Гэвч вэйп нь төсөөлснөөс чинь ч илүү хор нөлөөтэй ба ялангуяа тархины хөгжил нь дөнгөж хөгжлийн шатандаа явж буй өсвөр насныханд насанд хүрэгчдээс илүү хортойг мэддэггүй нь харамсалтай.

Яагаад өсвөр насныхан дунд түгээмэл байдаг вэ?

  • Электрон тамхийг янжүур тамхинаас хор багатай гэж боддог.
  • Жимс, чихэр шиг амтагддаг.
  • Хор нөлөөгүй юм шиг харагддаг.
  • Савлагаа, дизайны хувьд анхаарал татдаг.
  • Эцэг эхээсээ нуухад хялбар байдаг.
  • Тархинд хэрэглэх сэдлийг төрүүлж, донтуулдаг.

ГЭХДЭЭ! Эдгээр нь чиний хувьд давуу тал юм шиг санагдах ч төдий чинээгээр чиний эрүүл мэнд болон бие сэтгэхүйн хөгжилд нөлөө үзүүлж байдаг.

Чиний мэдэх ёстой электрон тамхины нөлөө

  • Амьсгал бачуурах, ханиалгах, хоолой хорсуулдаг.
  • Зарлага ихтэй
  • Энгийн тамхинаас гарахаас ч хэцүү. Учир нь хамгийн их донтуулдаг ба өдөрт 3-с дээш удаа вэйп татдаг өсвөр насныхан никотины донтолтонд орсон байдаг. Энэ нь никотины түвшинтэй хамааралтай.
  • Никотины хамаарал нь ой тогтоолт, өөрийгөө хянах, суралцах гэх мэт тархины хөгжил болон сэтгэл зүйд нөлөөлдөг.
  • Энэ төрлийн бүтээгдэхүүн нь жимс, чихэр шиг амттай байдагтай холбоотой хүмүүс хоргүй гэж бодож өөрсдийгөө хянахгүй тохиолдол бий. Гэхдээ электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг ба их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор таатай амт үнэр үүсгэдэг ч уушгинд сөргөөр нөлөөлж, уушгины үрэвсэл бий болгодог.
  • Никотин болон химийн бодисын тогтсон стандарт хэмжээ гэж байхгүй. Вэйпнээс зарим төрлийн бүтээгдэхүүн нь хөлдөлтөөс хамгаалсан бодисын орцтой байдаг ба энэ нь нөгөөтэйгөөр хорт хавдар үүсгэгч бодис юм.
  • Вэйп зөвхөн тамхи, никотины орцоор хязгаарлагдахгүй. Зарим вэйпийн төрлүүд нь алкохол ууж байгаагаас ялгаагүй хэмжээнд хор нөлөөтэй.

Вэйпнээс гарахад нөлөөлөх зүйлс

Хэрвээ чи болон чиний найз нөхөд вэйп, тамхи, бусад төрлийн тамхины хэрэглээнээс гарах арга хайж байгаа бол боломжит олон арга бий. Тэгвэл хамгийн эхний чиний хийж чадах зүйл бол яагаад тамхинаас гарах ёстой талаар ойлголттой болох хэрэгтэй. Үүний тулд дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

-Тамхи татахын юунд дургүй билээ?

-Тамхи миний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Тамхи татсанаар юуг алдаж байгаа вэ?

-Тамхинаас гарвал ямар давуу талтай вэ?

Эдгээр асуултуудад хариулж үзээд чадахаар санагдвал дараах аргуудаас хэрэгжүүлээрэй.

Завгүй байх

Хийх юмгүй сул цагаа өөртөө хэрэгтэй зүйлд зарцуулаарай. Магадгүй урьдынхтайгаа адил хичээл тараад л тамхи татдаг найзуудтайгаа хамтдаа байх нь чамайг урьдын л адил хийгээд дадчихсан зүйлрүү чинь чиглүүлсээр л байх болно. Тиймээс шинээр хоббитой болох, өөрийн бие, сэтгэл санаанд эергээр нөлөөлөх сагс, бүжгийн дугуйлан, англи хэлний сургалт зэрэгт явж өөрийгөө завгүй байлгах нь чухал.

Уруу татагдахгүй байх, бусдад үгүй гэж хэлж чаддаг байх

 Дийлэнх буруу зуршилтай хүмүүсийн хувьд авч үзэхэд сайн найз, ойрын хүрээллээ даган дуурайж, уруу татагдсанаар эхэлсэн байдаг. Тиймээс тэдэнтэй харьцаатай хэвээр байх ч ядаж буруу зүйлд уриалахад нь хүсэхгүй байна гэдгээ хэлдэг байх нь чухал.

Зорилго тавих, зорилгоо бичих

Хүн ямар ч тохиолдолд өөрөө өөртөө амлалт өгснөөр түүндээ итгэж хичээх, нөгөөтэйгөөр чадахгүй байснаараа амлалтаа уншаад өөрөөсөө ичиж, дахин оролдлого хийхэд тусална.

Вейпийг орлуулах чихэр, гаа хүлхэх

Вэйпийг орлуулах амттай чихэр, гаа хүлхэх, бохь зажлах гэх мэтээр орлуулах нь тохиромжтой.

Дотнын хүндээ хэлж амлалт өгөх

Хэн нэгэнд хэлж амлалт өгснөөр түүндээ хүрэх магадлал илүү өндөр байдаг. Тиймээс амлалт өгч, явцын хугацаанд өөртөө сануулах, хэлж анхааруулж байгаарай гэдгийг тэдэнд даалгаж захих нь чамд тус болно.

Чиний найз Asuuna 😉