Чиний аав ээжийн болон чиний, чиний дүүгийн гээд бүхий л цаг үед сургууль дээр санаа зовоох, стрессдэх мөч тулгардаг байсан. Бүхий л хичээл дээрээ сайн байх гэж хичээнэ гэдэг хааяа асар дарамттай санагдах тохиолдол бий. Дүнгээс авхуулаад багш нарын арга эвийг олох, найзуудтайгаа муудалцахгүй байх, шалгалт гээд өсвөр насны сурагчдын хувьд санаа зовох зүйл бишгүй олон. Харин чи энэ үеүдийг хэрхэн давдаг вэ? Хэцүү байна гээд бүх зүйлд бууж өгөх үү? Тэр нь одоо магадгүй амархан юм шиг санагдах ч ирээдүй чинь төдий чинээгээр хэцүү болсоор л байх болно гэдгийг ойлгоорой.
Тиймээс чамд асуудал тулгарч байгаа бол дараах аргаар шийдэж болно шүү.
Шалгалтын стресс
Шалгалтдаа эртнээс бэлдэх. Хүн бэлтгэлгүй буюу мэдэхгүй үедээ шалгалтын стресст өртөх нь түгээмэл байдаг. Тиймээс жил бүр хэдэн сараас шалгалт эхэлдгийг чи мэдэх учраас эртнээс бэлдэх хуваарь гаргаж, тогтмол бэлдэх нь тухайн стрессээс ангижрахад тусална.
Найзуудтайгаа төвөгтэй харилцаатай байх
Найзтай байх нь амьдралд чухал. Гэхдээ заавал хэцүү, toxic харилцаатай найзтайгаа зууралдаад байх шаардлагагүй. Учир нь амьдралд олон төрлийн найз, олон газраас олох боломжтой. Тиймээс ярилцаад болохгүй бол өөрийгөө стрессдүүлэхийн оронд хаяж сурах нь чухал. Харин түүний дараа ярилцахад чамд тухтай мэдрэмж өгч чадахаар найз нөхөдтэй болж цагийг хамтдаа хөгжилтэй, өөрсдөдөө хэрэгтэй зүйл хийж өнгөрөөхийг хичээдэг байгаарай.
Хоолны дуршил алдагдах, эсвэл ихдүүлж идэх
Өсвөр насны бие физиологи, сэтгэхүйд өөрчлөлт явагдахад хоолны хэвийн дэглэм, дуршилд өөрчлөлт орох нь хэвийн. Үүнээс шалтгаалж турах, таргалах тохиолдол ч тохиолдож болно. Энэ асуудал ганц чамд тулгараад байгаа, шийдэж болохгүй асуудал биш тул насанд хүрсэн хүнтэй ярилцах, мэргэжлийн хүнд хандаарай. Хэрвээ хэт их идэж буйгаасаа шалтгаалж таргалж байгаа бол төдий чинээ дасгал хөдөлгөөн хийх, бага идэж байгаа бол ядаж л шим тэжээлээ хүчээр ч хамаагүй сайн авч байх нь чухал шүү.
Багш нартайгаа ойлголцохгүй байх
Эхлээд ойлголцохгүй байх шалтгаан, асуудал нь чамд уу эсвэл багшид чинь байна уу гэдгийг үнэн зөв тодорхойлох. Үүний тулд багш нарынхаа хэдэн хувьтай нь чи ойлголцож чаддаг болохыг дүгнээд, ихэнх багштай ойлголцож чадахгүй бол үнэхээр өөртөө дүгнэлт хийгээд үз. Чи өөрийнхөө зан төлөв, харилцаж буй соёлдоо анхаарал тавьж засах ёстой. Харин 1 2 л багштай ойлголцож чаддаггүй бол тухайн багшийн онцлог ааш байж болно шүү дээ. Тиймээс хүн бүр адилхан байх албагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, багш нартайгаа яагаад ойлголцож чадахгүй байгаагаа өөрсөдтэй нь ярилцах нь зүйтэй.
Дээрэлхэлт, гадуурхалтад өртөх
Хэрвээ хэн нэгэнд гадуурхагдаж, шоолуулж байгаа бол яг үнэндээ асуудал чамаас шалтгаалсан байж ч болно шүү дээ. Тиймээс өөр дээрээ дүгнэлт хийж өөртөө итгэлтэй байх, өөрийнхөө сул тал дээр анхаарч өөрийгөө хөгжүүлэх, ямар нэг үнэлэгдэхээр авьяастай байх, ном уншдаг, хоёрдогч хэлээр ярьдаг мэдлэгтэй байх, бусадтай найрсаг, тусч харилцаатай байх зэргээр өөрчлөлт хийгээд нэг үзээрэй.
Хичээл хэцүү ойлгомжгүй байх, ангийн орчин чимээтэй байх, төвлөрч чадахгүй байх
Хичээл ойлгомжгүй байна гээд бууж өгч, шантарснаар цаашид бүр л гүйцэгдэхээргүй хэцүү болно. Тиймээс ангийнхаа чаддаг нэгнээс тусламж хүсэх, багшаасаа асуух, бүр болохгүй бол давтлага авдаг ч байж болно. Хамгийн гол нь чиний 100 хувь хичээл зүтгэлээс шалтгаална.
Ангийнхан болон багшаасаа таагүй үг сонсох
Чамайг хэний тухай юу гэж ярихыг хүмүүс шийдэж чадахгүйтэй адил бусад хүмүүс хэний тухай юу гэж ярихыг чи зааж, шийдэж чадахгүй. Тиймээс ангийнхан, багш гээд чамд тухгүй мэдрэмж өгч буй хүнтэй ярилцаж, тухайн үгийг сонсоход таагүй байгаагаа илэрхийлэх нь ганц шийдэл юм.
Гэр бүлийн асуудал болон чамайг дэмжихгүй байх
Хүн бүхний аливааг харж буй өнцөг өөр. Магадгүй чи 16 жил л энэ дэлхий дээр амьдарч үзсэн байхад аав ээж чинь, ах эгч чинь 30 40 50 жил амьдраад үзсэн хүмүүс байгаа шүү дээ. Чиний дуртай зүйлийг тэд дургүйцэж, дэмжихгүй тохиолдол бараг бүх гэр бүлд байж л байсан, байсаар л байгаа. Тэд чамайг бусад шиг битгий алдаасай, илүү байгаасай гэж хүссэндээ л чиний санааг дэмжихгүй байгаа. Чи хэчнээн өөрийнхөө үзэл бодол, хүсэл сонирхлыг илэрхийлж, өөрийнхөөрөө байх хэрэгтэй ч хайртай хүмүүс чинь ч ор үндэсгүй худал зүйл хэлэхгүй байгааг ойлгож, тэнцвэртэй зөв шийдвэр гаргадаг байгаарай.
Сандрал, сэтгэл гутралтай, өөртөө итгэлгүй байх
Өөртөө итгэлтэй байх олон аргууд бий. Зүгээр л өөрийгөө тултал нь бүх талаар хөгжүүлчих. Юугаар хөгжүүлэхээ мэдэхгүй байгаа бол хийж үзээгүй бүгдийг алдахаас айхгүйгээр туршаад үз. Зүгээр л байрандаа байгаад байх биш хөгжихийг эрж хайж явсан хүн л амжилттай байж чадна. Ядаж л нэг хичээл дээрээ хэнээс ч дутахааргүй сайн байгаад үз л дээ. Цаашаа чи өөрөө аргаа олчих болно.
Улирах, хөөгдөх, гадуурхагдсаны дараа сургуульдаа буцаж очих
Ангийнхаа багш юм уу аав ээж шигээ итгэж болохуйц насанд хүрсэн хүнтэй ярилцах нь чухал. Тэд чамд шийдэж өгч чадахгүй байсан ч хэрхэн дээрдэхийг хэлж тусалж чадна. Хэрвээ чи ангийн багштайгаа ярилцаж чадахгүй бол сургуулийнхаа өөр тухтай мэдрэмж авч болохоор багштай ярилцаж болно шүү дээ.
Эцэст нь хэлэхэд чи эдгээр асуудлуудаас үүдэж стрессдэж байгаа бол дахин сануулъя. Чи ганцаараа биш. Хэцүү үед чинь чамайг сонсож, дэмжих хүн байгаа гэдгийг санаарай. Бусад хүмүүсийн хувьд ч гэсэн эдгээр мэдрэмжийг авч, сургуульдаа явмааргүй санагдах, гэрээс гарахаас айж тавгүй байх зэрэг мэдрэмжийг авдаг. Зарим хүмүүсийн хувьд бүр хүндээр тусгаж авч эцэг эхдээ мэдэгдэхгүйгээр хичээл тасалдаг буюу сургуульдаа явахаа больдог ч тохиолдол бий.
Гэхдээ чи үргэлж сургууль дээрээ ийм зүйлийг мэдрэхгүй гэдгийг санаж явах нь чухал. Хэцүү санагдаж байгаа бүх зүйл цагийн аясаар дээрдэх болно. Асуудлаасаа чи зугтсаар байвал амьдралынхаа турш бүхнээс зугтаж, гоё сайхныг нь мэдрэх сөхөөгүйгээр дуусна шүү дээ. Зөв хүний зөв тусламжтайгаар зөв бодол санаагаар чи ямар ч асуудлыг ялан дийлж чадна. Амжилт хүсье!
Чиний найз Asuuna 😉