Мэргэжлээ сонгох гээд эргэлзэж, тээнэгэлзээд шийдвэрээ гаргаж чадахгүй яваа хэн бүхэнд энэ нийтлэлээ зориулав.

Дэлхий дээр шинээр мэргэжил, ажлын байрууд үүсэж нэмэгдэж байгаа ч зарим мэргэжлүүд үгүй болсоор байдаг тул мэргэжлээ хэрхэн зөв сонгох нь хялбар зүйл биш юм. Хөдөлмөрийн зах зээл дээр ямар ажил мэргэжил эрэлт хэрэгцээтэй болон илүүдэлтэй байгаа мөн тухайн мэргэжлээр төгсөөд ямар ажил хийх зэргээ судалж мэдэхгүйгээр зөвхөн дээд боловсролын төлөө сэтгэлийн хөөрлөөр их дээд сургуульд элсэн суралцаж болохгүй. Мэргэжлээ сонгохдоо эхлээд энэ мэргэжил таны хувьд ямар утга учир, ач холбогдолтой вэ? Сонгосон мэргэжилдээ өөрийн чадавх боломжоо бүрэн дүүрэн зориулж чадах уу? хэмээн сайтар бодох хэрэгтэй. Түүнчлэн мэргэжил сонгох үед туулдаг дараах үеүдийн тухай дэлгэрэнгүй авч үзье.

Эргэлздэг үе

Нэг л мэдсэн арван жилийн сургуулийнхаа хаалгыг хаагаад ахиад сурагч гэж дуудуулахгүй насан дээрээ ирчихсэн, удахгүй оюутан болно гэж бодохоор догдолмоор ч; мэргэжил, сургуулиа сонгох, шалгалтуудаа сайн өгөхтэй зэрэгцээд сургууль, ангийнхан, найз нөхдөөсөө холдоно гэхээр гунигтай ч юм шиг мэдрэмж төрж байна уу?

Сурч сурч явсны эцэст амьдралын томоохон шийдвэрийг гаргах болчихдог. Гэтэл тэр “мэргэжил сонголт” нь тийм ч амархан биш нэг бодоход багш ч болмоор дахиад бодоход эмч ч болмоор санагдаж ч болохоор тийм эргэлзээний үеүдтэй тулгарч байна уу?

Тийм бол, чамайг хамгийн эхэнд энэ зүйл хэвийн бөгөөд тайвнаар хүлээж аваасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлээ сонгох гэж байхдаа хүн болгон энэ үеийг дамждаг. Гэр бүл, хамаатан садан танил чинь ийм ч мэргэжил зүгээр гэнэ, сошиал дээр ийм ч мэргэжил эрэлттэй, өндөр цалинтай гэнэ, гэтэл чи өөр юм хүснэ, заримдаа бүр өөрийгөө ч юу болохыг хүсээд байгаагаа ойлгохгүй үе гарна. Тэгсэн ч зүгээр энэ үе бол олон сонголтуудыг таних, мэдэх үе. Хүмүүсийн санал болгож байгааг нээрээ ч энэ мэргэжил зүгээр юм уу, би хийж чадах болов уу, энэ нь бол би хэзээ ч сонгохгүй нь гэхчлэн гарч ирсэн сонголтуудын талаар өөрөө бодож дүгнээд үзээрэй. Би юу хийвэл хамгийн аз жаргалтай байж чадах вэ гэдгээ сайн бодож байх хэрэгтэй.  Би энэ зүйлд үнэхээр дуртай, сонирхолтой юу, би энэ зүйлийг үнэхээр чадах уу, энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу гэдэг гурван асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй.

Судалдаг үе

Өөрт тохирох мэргэжлүүдийн жагсаалт гарган жагсаалтаас хэд хэдэн мэргэжлийг түүж аваад тухайн мэргэжлээр сурч төгссөн, ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцон, дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй. Зарим хүүхдүүд хаана хандаж, хэнээс тусламж зөвлөгөө авахаа сайн мэддэггүй. Ялангуяа өөрийнхөө талаар илүү мэдээлэл баримжаа авах, ур чадвараа нээн илрүүлэх, таних, авьяас чадамж, онцлогуудаа мэдэх хэрэгтэй.

Судлах явцад дараах 3 зүйлийг мартуузай.

Өөрийн сонирхол чухал: Хүн дуртай зүйлдээ цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулахад бэлэн байдаг. Эсрэгээрээ, хүүхдийг дургүй зүйлд нь хүчлэхэд хэцүү. Харин юу ч сонирхохгүй байна гэдэг нь тухайн хүн өөрийгөө “олоогүй” байгаа гэсэн үг.

Хүүхдийн авьяас сэтгэц физиологийн онцлог шинж: Жишээ нь сэтгүүлч гэхэд их нээлттэй, сэргэлэн байх хэрэгтэй.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг харгалзан үзэх

Мэргэжил сонгох үед гаргадаг нийтлэг алдаанууд:

  • Өөрийгөө дутуу үнэлэх
  • Мөнгөнд үндэслэж сонголт хийх
  • Урт хугацаанд хийх ажил, мэргэжлийн төлөвлөгөөгүй байх
  • Эцэг эхийн сонголтоор шийдвэр гаргадаг
  • Өмнөх ажлын туршлагад суурилж шийдвэр гаргах
  • Мөн хичээлийг мэргэжилтэй адилтган сонгох явдал байдаг
  • Найз нөхдөө дуурайн мэргэжлээ сонгох
  • Өөрөө дүгнэлт хийж, шийдвэр гаргах үе

Мэргэжил бүхэн тодорхой авьяас чадвар, нөөц боломжууд, сэтгэл зүйн онцлог шинж чанаруудыг бие хүнээс шаардаж байдаг. Иймээс сонгох гэж байгаа мэргэжил маань ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, мэргэжилтнээс ямар чиглэлийн мэдлэг чадамж, авьяас сонирхол, хүсэл тэмүүлэл, сэтгэл зүйн хувийн онцлог чанаруудыг шаарддаг болохыг урьдчилан мэдсэн байх шаардлагатай. Үүний тулд сайн судлах хэрэгтэй. Тухайн мэргэжлээр цаашид ажиллахад ямар санагдаж байна гэдгээ мэдсэнээр сонголт хийхэд тань улам дөхөм болох юм. Таны сонгосон мэргэжилд танаас ямар чадвар, мэдлэг шаардаж байна, түүнийг бий болгоход юунд суралцах болон өөрийгөө өсөн нэмэгдүүлэх хэрхэн хөгжүүлэх зэргээр зорилгоо тодорхойлон үйл явцын төлөвлөгөө гаргаарай. Төлөвлөгөө гаргах нь маш чухал гэдгийг санаарай.

Дээрх алхмуудыг амжилттай хэрэгжүүлж, мэргэжлийн сонголтоо хийсэн бол одоо ямар сургуульд элсэн орох вэ? гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулаарай. Учир нь чиний сонирхсон мэргэжлийг олгодог төрийн болон төрийн бус маш олон сургуулиуд байгаа. Мэргэжилтэн бэлтгэдэг боловсон хүчний хэрэгцээ, чадамж, материаллаг бааз, сургалтын төлбөр, суралцах орчин нөхцөл, мэдээлэл технологийн хангамж зэрэг зүйлсийг харьцуулан үзсэний эцэст сонголтоо хийх нь чухал.