Хүн бүр л 13-18 насандаа өөрийгөө том болсон гэж үзэж, үерхэл нөхөрлөлийн тал дээр яардаг. Гэвч энэ нь тухайн насныхны ч буруу биш юм. Учир нь бэлгийн бойжилт энэ насанд явагддаг ба хүн бүхний амьдралд тохиох эрүүл бас хэвийн үзэгдэл билээ. Бэлгийн бойжилтын үед эсрэг хүйстнээ гоё сайхнаар харах, танилцаж үерхмээр санагдах ч хэвийн.

Магадгүй чи “Хайр болон шохоорхлыг ялгаж салгах хэрэгтэй” гэдэг үгийг ойр дотнынхоо хүнээс сонсож л байсан байх. Тийм ээ, хайр, шохоорхол хоёр хоорондоо ялгаатай. Шохоорхол гэдэг бол хэн нэгнийг хараад сэтгэл догдолж хөөрөх түр зуурын л үзэгдэл бөгөөд удаан үргэлжлэхгүй байх тохиолдол бий. Насанд хүрэгчдийн хувьд ч мөн өсвөр насны үерхлийг болоогүй, хэтэрхий жаахан байна хэмээн шүүмжилдэг. Гэхдээ өсвөр насныхны үерхэл тэдний хувьд чухал хэсгүүдийнх нь нэг юм. Учир нь шохоорхол, хайр аль нь ч бай насанд хүрээд зөв хүнээ олоход бага ч гэсэн тус болох юм.

Түүнчлэн чи үерхлийн туршлагагүй гээд буруу хүнтэй таарах ёстой гэсэн үг биш. Учир нь чи анх удаа үерхсэн хүнээсээ таагүй мэдрэмж авснаас болоод бусад хүмүүст итгэдэггүй, айдастай болох ч магадлалтай шүү дээ. Тиймээс хэрвээ чи хэн нэгэнтэй үерхэх гэж байгаа бол дараах зөвлөгөөг чамд хүргэж байна.

Хамт байхдаа тухтай мэдрэмж авдаг хүнтэй хамт байх

Тухтай байна гэдэг нь түүний хажууд байхдаа өөрийнхөөрөө, чөлөөтэй байж чадахыг хэлнэ.

Хамт байхгүй байсан ч гэсэн нэгэндээ итгэдэг байх

Итгэл гэдэг та хоёрын харилцааны хамгийн чухал хэсгийн нэг. Хэрвээ хэн нэг нь нөгөөдөө итгэдэггүй бол юуны түрүүнд хэнд нь асуудал байна гэдгийг тодорхойлоорой. Асуудал чамд байгаад, чи төсөөлөлдөө итгэн уурладаг бол цаашид ямар ч хүнтэй байх хэцүү учраас эхлээд өөрийгөө засах хэрэгтэй болов уу.

Хийхийг хүсээгүй зүйлээ хийх дарамтгүй байх

Үүнд бэлгийн харилцаатай холбогдолтой асуудал орохоос гадна явахыг хүсээгүй газарлуу явах, өмсөхийг хүсээгүй хувцсаа өмсөх зэрэг бусад дарамтууд ч орно.

Найзуудаа мартахгүй байх

Зарим хүмүүс хэн нэгэнтэй үерхсэнийхээ дараа найзуудаа хаяж эхэлдэг. Чамд гэж хэлэхэд битгий тийм хүн байгаарай. Хэн ч цаашид ийм зантай хүний найз байхыг хүсэхгүй. Мөн чамд найз охин/ хөвгүүнээс чинь гадна нийгмийн амьдрал хэзээд хэрэгтэй байх болно.

Өөртөө итгэлтэй байх

Чи юунд дуртай, дургүй, юу хэрэгтэй, хэрэггүйгээ мэддэг байх хэрэгтэй. Өөрийн гэсэн сонирхолтой байх нь чамд өөрт чинь л үлдэх зүйл шүү дээ. Өөрийн сонирхолтой, өөрийгөө мэддэг байх нь өөртөө итгэх итгэл, цаашлаад үерхэлдээ итгэлтэй байхад нөлөөлөх болно.

Асуудлаа битгий нуу

Хэрвээ чиний үерхэл асуудалтай байгаа бол битгий ай. Асуудал гарах нь үерхэл дууслаа гэсэн илэрхийлэл биш. Зарим хүмүүс ямар нэг том асуудалтай нүүр тулгарахаараа нэгнээсээ нуух тохиолдол их байдаг. Энэ нь буруу бөгөөд ямар нэг зүйл болохгүй болбол хамтдаа ярилцаж, хамтдаа засахыг хичээгээрэй. Магадгүй сонин байсан ч чи даван туулах ёстой. Мөн ямар ч сайхан үерхэлд том жижиг асуудал тулгарч байдаг гэдгийг санаарай.

Сайн болон муу маргааны ялгааг мэддэг байх

Бид маргалдахыг муу зүйл гэж боддог ч үнэндээ үргэлж тийм байдаггүй. Хэрүүл маргаанд доорх хэдхэн дүрмийг баримталж чадвал хосууд илүү дотно болох ч тохиолдол бий.

  • Өөрийн мэдэрч буй зүйлээ илэрхийлэх, тайлбарладаг байх
  • Найз охин/хөвгүүнээ юу мэдэрч байгаагаа тайлбарлахыг нь сонсох, ойлгох гэж хичээх
  • Өнгөрсөн асуудлыг дахин сөхөж хэрэлдэхгүй байх
  • Үргэлж шүүмжлэх бус нөгөө хүндээ үр дүнтэй байх аргаар хэлж ойлгуулахыг хичээх

Тэгвэл бидний хэлж заншсанаар toxic буюу хортой харилцааг хэрхэн таних вэ?

  • Байнга чамайг шүүмжлэх, чамд таагүй мэдрэмж төрүүлэх
  • Чамайг найзууд болон гэр бүлээс чинь холдуулах гэж хичээх
  • Утсыг чинь шалгахыг хүсэх
  • Чамайг хаана байгаа, хэнтэй ярьж байгааг сошиал медиа ашиглан хянах
  • Өөрөөсөө салах, холдох юм бол чамд ямар нэг муу зүйл хийнэ хэмээн сүрдүүлэх
  • Хийхийг хүсэхгүй зүйлийг чинь хийлгэх гэж хүчлэх
  • Чамайг буруутай, гэмтэй юм шиг мэдрэмж төрүүлэх
  • Чамайг өвтгөх

Чиний үерхэж буй охин/залуу чинь дээрх зан чанарыг гаргадаг бол үерхлийнхээ талаар дахин нэг бодолцоод үзээрэй. Учир нь үерхэл бүр гэрлэлт болж, шохоорхол бүхэн хайр болох ёстой биш юм. Мөн сонирхсон хэн нэгэн чинь чамайг тоохгүй байх, чамайг гомдоох зэрэг асуудлууд олон гарна. Тиймээс сэтгэлээр битгий унаарай. Амжилт.

Чиний найз Asuuna 😉