13-18 нас гэдэг бол насанд хүрэгчдийн эгнээнд шилжиж жинхэнэ амьдралд дөнгөж хөл тавих гэж буй хөгжлийн нас юм. Энэ нь сэтгэл хөдөлгөм байх ч хүмүүс нэг л мэдэхэд чамайг гэнэн томоогүй жаахан хүүхэд гэх нүдээр харахаа болих нь гунигтай. Энэ үед чиний бие махбод, сэтгэл зүй, танин мэдэхүй гээд бүхий л зүйлд чинь өөрчлөлт орж өөрийн хэмжээнд санаа зовнидог асуудлуудтай нүүр тулгарч эхэлнэ.

Тиймээс үүнийг уншиж буй чамд зориулж насанд хүрэхээсээ өмнө чиний заавал мэдэх ёстой, энгийн хирнээ чухал зүйлсийн жагсаалтыг хүргэж байна. Доорх зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж чадваас чи цаг болоод анхаарлаа хэрэггүй зүйлд зарцуулахгүйгээр, жаргалтай амьдрахад бага ч гэсэн нөлөөлж чадна гэж итгэж байна.

Биеэ эрүүл байлгах

Эрүүл байна гэдэг хэт туранхай байхын илрэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс сургуулийнхаа бусад охидтой өөрийгөө зүйрлэж, харьцуулах хэрэггүй.

Хэрвээ чи өсөлтийн насан дээрээ яваа бол хангалттай уураг, шим тэжээл авч байх зайлшгүй шаардлагатай. Тиймээс янз бүрийн дэглэм барьж, биеэ өвтгөхөөс сэргийлээрэй.

Дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг байх

Ямар ч төрлийн дасгал хөдөлгөөн хийхгүйгээр эрүүл байна гэдэг ховор. Жишээ нь зурагт үзэж байхдаа суулт хийх, хөгжим сонсонгоо алхаж болно шүү дээ.

Бүхий л сэдвийн талаар мэдлэгтэй байх

Жишээгээр авч үзэхэд хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орно гэдэг амьдралын энгийн хирнээ хамгийн том шийдвэрүүдийн нэг гарцаагүй мөн билээ. Тиймээс энэхүү шийдвэрийг гаргах үедээ жирэмслэлтээс хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалдаг болох, бэлгийн замын халдварт өвчин хэрхэн халдварладаг, ямар шинж тэмдэгтэй талаар зэрэг мэдлэгтэй байх нь чухал.

Хангалттай унтаж амрах

Сүүлийн үеийн судалгаагаар чанартай буюу бүтэн нойр авч чадаагүйгээс өсвөр насныхан зан төлөв, сэтгэлийн хөдөлгөөний хувьд асуудалтай, сэтгэл гутралтай байдгийг олж тогтоосон. Ихэнх өсвөр насныхан өдөрт 8-10 цаг унтах ёстой байдаг. Хангалттай унтаж амрах нь чиний насанд эрүүл мэнд болоод өндөр болох зэрэгтэй ч холбоотой байдаг шүү.

Эрүүл хооллох

  • Чихэрлэг ундаа, кофены оронд цэвэр ус сонгох
  • Жимс, ногоо эрүүл амттан идэх
  • Яаж ч өлсөхгүй байсан өглөөний цай уух
  • Бүхэл, олон үрийн гурил хэрэглэх
  • Хоол сойхгүй байх

Эрүүл мэндийн үзлэгт тогтмол ордог байх

Өсвөр насны охид жилдээ 1-2 удаа биеийн үзлэгт орж байх хэрэгтэй гэдэг. Тиймээс ямар нэг эрхтэн чинь өвдөөгүй байсан ч гэсэн өөрийгөө хайрладаг байж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалдаг байгаарай.

Хичээлдээ анхаарлаа хандуулах

Би өөр мэргэжилтэй болох юм чинь энэ хичээл надад ямар ч хэрэггүй гэж бодож хайнга хандах нь өсвөр насныхан бүрд бодогддог тэнэг бодлуудын нэг. Яг үнэндээ хэнд ч хэрэггүй гэж бодож өнгөрөөх хичээл, багшийн хэлсэн үг болгонд амьдралд хэрэгтэй жижиг ч гэсэн зүйлс байж л байдаг. Тиймээс амьдралын хүнд бартаа, дарамттай нүүр тулгараагүй дээрээ урдах хичээлдээ цаг гаргаж, гэрийн даалгавраа тогтмол хийгээрэй. 

Буруу зуршлаас татгалзах

Үе тэнгийнхний чинь тамхи татаж буй байдал нь чамд "cool" харагддаг уу? Чи ч бас түүн шиг харагдахыг хүсдэг үү? Чи түүнийг дуурайж, ямар ч хэрэггүй зүйл хэрэглэснээрээ өөрийгөө хохироосон, өөрийн толгойгүй л нэгэн болж хувирна. Тиймээс ядаж өөрийн гэсэн бие даасан бодолтой хүн болтлоо алкохол, тамхинд үгүй гэж хэлдэг байгаарай. Буруу зуршилтай байна гэдэг зөвхөн өсвөр насныхан төдийгүй хүн бүрд гоё хэрэглээ биш юм шүү.

Өөртөө итгэлтэй байх

Бусад хүмүүс чамайг юу гэж бодож байгаа бол гэж санаа зовох хэрэггүй. Тэд өөрсдөд дээрээ л төвлөрдөг. Тиймээс өөрийгөө жаргалтай байлгаж, өөрийгөө хөгжүүлэх дээр л анхаарлаа төвлөрүүл.

Гэр бүл гэдэг чиний амьдралд байж болох хамгийн үнэт зүйл

Өсвөр насанд чиний сэтгэл зүй, зан төлөвт өөрчлөлт орж уур уцаартай болох, эцэг эхийн хэлж буй үг чиний хувьд ядаргаатай санагддаг байх. Хорвоо дээр чи л зөв бодож, аав ээж чинь л хамгийн бурууг яриад байгаа мэт өөртөө итгэлтэй байгаа байх. Чи хэр их төрүүлж өсгөсөн гэр бүлээ зэмлэж, муугаар бодно насанд хүрээд төдий чинээ өөрийгөө буруутгаж, хүнд байх болов уу? Зүгээр л итгэ. Гэр бүл гэдэг чамд хамгийн хэрэгтэй, хамгийн үнэн зүйлийг хэлэх болно. Учир нь тэдний чамайг гэх хайр өөр хаанаас ч хэнээс ч гарахгүй үнэн хайр байх болно.

Эцэст нь хэлэхэд ямар ч нөхцөлд зөвхөн чамд хэцүү асуудал тулгараад байгаа юм биш учраас насанд хүрэхээсээ өмнө бэлтгэлтэй, мэдлэгтэй байх нь чухал гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Ухаантай хүн бусдын туршлагаас суралцдаг. Эгэл жирийн хүн өөрийнхөө туршлагаас суралцдаг. Харин мунхаг хүн хэний ч туршлагаас суралцдаггүй юм шүү!

 

Чиний найз Asuuna 😉