Сарын тэмдэг бол эмэгтэйчүүдэд тохиолдох физиологийн хэвийн үйл явц юм. Энэ нь биеийн эрүүл мэнд болон нөхөн үржихүйн эд эрхтнүүд хэвийн үйл ажиллагаатай байгаагийн шинж тэмдэг болно. Хувь хүний биеийн онцлогоос хамаарч амьдралын туршид дунджаар 10 ба түүнээс жил үргэлжилдэг байна. Харамсалтай нь, энэ хугацааны дийлэнхэд охид, бүсгүйчүүд сарын тэмдгээс болж санаа зовох, шоглуулах зэрэг таагүй нөхцөл байдалтай нүүр тулдаг. Зарим эмэгтэйчүүд ярихаас ч хүртэл зайлсхийх тохиолдол бий. Үүнийг ихэнх оронд бэлгийн боловсрол олгодоггүй, сарын тэмдгийн талаар хангалттай ойлголтгүй байдагтай холбон тайлбарлаж болно.

Сарын тэмдэг хэзээ эхэлдэг вэ?

Дэлхийн бүх улс оронд газар зүйн байрлал, цаг уурын онцлогоос үл хамаарч охидын анхны сарын тэмдэг 12-13 насанд эхэлдэг байна. Гэвч цөөн тохиолдолд эрт буюу 10-11 насанд эхлэх тохиолдол бий бөгөөд энэ нь хэвийн юм.

Анхны сарын тэмдгээс өмнө биед анзаарагдах хэд хэдэн өөрчлөлтүүд бий болно. Тухайлбал, 2 жилийн өмнөөс хөхний булчирхай томрох, жилийн өмнөөс бэлэг эрхтний үс ургаж эхлэх юм. Эдгээр өөрчлөлтүүд гарч эхлэхэд ээж нар охидтойгоо удахгүй эхлэх гэж буй үйл явцын бэлтгэлийг хийх, ярилцах нь зүйтэй. Үндсэн өөрчлөлтүүдээс гадна нийтлэг ажиглагдах шинж тэмдгүүд байдаг. Үүнд, сарын тэмдэг эхлэхээс өмнө жин нэмэх, тааз томрох, хэвлий хэсэгт өвдөлт мэдрэгдэх, хөх хөндүүрлэх, сэтгэл санаанд өөрчлөлт орж хэт эмзэг болох аль эсвэл уцаарлах зэрэг багтана. Сонирхолтой баримт дурдахад, нийт эмэгтэйчүүдийн 2/3-т нь анхны сарын тэмдэг нь төрсөн өдөртэй нь давхацсан байдаг.

Сарын тэмдгийн өмнөх синдром гэж юу вэ?

Эмэгтэй хүн бүрийн сарын тэмдгийн өмнөх шинж тэмдэг өөр өөрөөр илэрдэг. Үүнээс хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийг авч үзвэл:

  • -гуниглах, цухалдах, уурлах
  • -давсаг, нуруугаар өвдөх, чилэх
  • -ядрах, нойрны асуудалтай болох
  • -хавдах, гэдэс өвдөх
  • -хөх чинэрч өвдөх
  • -толгой өвдөх
  • -арьсан дээр юм гарах
  • -идэх дуршил болон бэлгийн дур хүсэлд өөрчлөлт орох

Сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?

Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь үтрээгээр цус гарсан эхний өдрөөс дараагийн сарын тэмдгийн эхний өдөр хүртэлх хугацааг хэлнэ. Энэ нь дунджаар 28 хоног байх боловч 21-35 өдөр байх нь ч хэвийнд тооцогдох юм. Мөчлөг дараах 4 үе шаттай байна:

Сарын тэмдгийн үе (1-5 дахь өдөр)

Энэ хугацаанд умайн ханан дахь зөөлөн эд, судас ховхорч үтрээгээр ялгарах бөгөөд 10мл – 80 мл цус гарах нь хэвийн юм.

Фоликулийн үе (1-13 дахь өдөр)

Энэ хугацаанд өнчин тархинаас ялгарах дааврын нөлөөгөөр өндгөвчид өндгөн эс боловсорно. Эдгээр өндгөн эсүүдийн нэг нь гадуураа уутанцар үүсгэж (фоликул) гарахад бэлэн болно. Өндгөн эс нь боловсорч гүйцэхэд 13 хоног шаардлагатай бөгөөд энэ хугацаанд даавар ялгаруулж улмаар умайн хана зузаарч зөөлөн эд, цусан хангамжаар элбэгшдэг байна.

Овуляцийн үе (14 дэх өдөр)

Мөчлөгийн 14 дэх хоногт өнчин тархины дааврын нөлөөгөөр өндгөвчөөс өндгөн эс гадагшилдаг.

Литуал үе (15-28 дахь өдөр)

Энэ хугацаанд өндгөвчөөс гарсан өндгөн эс фаллопиевын гуурсанд(өндгөвч умай хоёрыг холбосон хос, нарийн гуурсан хоолой) 24 цаг байрлах ба энэ үед эр бэлгийн эстэй нийлэхгүй бол задарна. Сарын тэмдгийн сүүлд умайн ханыг зузааруулдаг даавар дуусдаг ба дараагийн мөчлөг эхэлдэг байна.

Мөчлөг яагаад алдагддаг вэ?

Сарын тэмдгийн хэвийн мөчлөг нь 24-38 хоног байдаг. Нас нэмэгдэхийн хэрээр мөчлөг улам тогтворжиж тогтмол нэг хугацаанд тооцогдох ба ихэвчлэн 28 хоног байна. Сарын тэмдгийн эхний өдөр 9 хүртэлх өдрөөр хоцрох нь хэвийнд тооцогдох бөгөөд харин мөчлөгийн эхний өдрөөс дараагийн мөчлөг хүртэл 48-50 хоног өнгөрсөн тохиолдолд сарын тэмдгийг хоцрогдол гэж үзнэ.

Үүнд нөлөөлөх олон хүчин зүйлс байх бөгөөд ихэвчлэн бэлэг эрхтний үйл ажиллагаанд гарсан ямарваа нэгэн хямралын шинж тэмдэг байж болох юм. Тухайлбал, бэлгийн дааврын тогтолцооны гажуудал, бамбай булчирхай, бөөрний булчирхай, өнчин тархины дааврын гажуудал байх магадлалтай. Эдгээр дааврын өөрчлөлт нь байнгын сэтгэл санааны дарамт, стресс ба мэдрэлийн системийн өвчлөл, ариун цэврийн хэрэглэлээс харшлах, удамшилт өвчний шинж тэмдгүүд, жирэмснээс хамгаалах эм, бэлдмэл, хэтэрхий хурц хоол, хүнс хэрэглэх зэрэгтэй холбоотой байдаг. Иймд мөчлөг тодорхой хугацаанд алдагдаж эхэлбэл мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

Өөрийн мөчлөгийн хугацааг тодорхой мэдэхийг хүсвэл анхны сарын тэмдгээс эхлэн хуанли хөтлөх нь зүйтэй. Орчин үед маш олон аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн тул өөрт ашиглахад хялбарыг сонгох хэрэглэх боломжтой юм.

Ариун цэврийн хэрэглэлийн тухайд

Ариун цэврийн хэрэглэлийг хэрхэн сонгох болон хэдэн цаг тутамд солих талаар зөв мэдээлэлтэй байх нь маш чухал юм. Хэвийн сарын тэмдгийн үед өдрийн цагаар 3-4 цаг тутамд ариун цэврийн хэрэглэл, тампоныг тогтмол сольж хэвших хэрэгтэй. Харин шөнийн цагаар хүний бие идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй мөн шөнийн ариун цэврийн хэрэглэл зориулалтын бүтэцтэй байдаг тул өөрт тухгүй мэдрэмж төрүүлээгүй, гадаргуугаас халиагүй тохиолдолд заавал босож солих шаардлага байдаггүй байна.

Хэрэв ариун цэврийн хэрэглэлийг 2 цаг тутамд солих зайлшгүй шаардлага үүсдэг бол энэ нь хэвийхээс их хэмжээгээр сарын тэмдэг ирэх үеийн шинж тэмдэг тул мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг сануулж байна.

Ариун цэврийн хэрэглэл сонгохдоо дотуур хувцасны хэмжээгээрээ тодорхойлох боломжтой. Хэрэв S өмсгөлтэй бол 1-3, M өмсгөлтэй бол 2-4, L өмсгөлтэй бол 3-4 гэх мэтчилэн. Шөнийн цагаар тав тухыг харгалзаж 5 хэмжээтэй ариун цэврийн хэрэгсэл сонгох нь зүйтэй. Ариун цэврийн хэрэглэлээс харшламтгай эмэгтэйчүүд байдаг бөгөөд сонголт хийхдээ өөрийн асуудлын шалтгааныг тодорхойлж мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.

Бэлгийн харилцаанд ороогүй охид тампон хэрэглэж болох уу?

Тампоныг сарын тэмдэг нь ирсэн л бол бэлгийн хавьталд орсон, ороогүй бүхий л насны охидын хувьд хэрэглэх боломжтой. Хэдийгээр тампон хэрэглэх нь цөөн тохиолдолд онгон хальсыг урах, сунгах тохиолдол байдаг ч хальсыг цоолох шалтгаан болохгүй. (Онгон хальс бэлгийн хавьталд ороход цоордог ба зарим төрлийн спортоор хичээллэх үед санамсаргүй байдлаар цоорох тохиолдол бий)

Зарим эмч нарын хувьд тампоныг байнга хэрэглэхээс зайлсхийж, зөвхөн усан бассейн, алхалт зэргээр хичээллэхдээ л хэрэглэхийг зөвлөдөг. Тиймээс дотнын хүмүүстэйгээ ярилцаж, ямар ариун цэврийн хэрэглэл сонгохоо шийдээрэй.