Гар хангалга хийх нь энгийн зүйл. Хүмүүсийн хувьд энэ нь хувийн асуудал байдаг учраас төдийлөн олон нийтэд нээлттэй ярьдаггүй. Магадгүй тийм ч учраас хэн ч гар хангалга хийдэггүй мэт санагдаж магадгүй л юм. Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс гар хангалгыг өөрийн биетэй “танилцах” явцын нэг хэсэг гэж үздэг. Ингээд та бүхэнтэйгээ гар хангалгын талаар өсвөр насныхны хамгийн их асуудаг түгээмэл асуулт хариултыг хуваалцъя.

Гар хангалга хийх нь сөрөг талтай юу?

Гар хангалга гэдэг нь бэлгийн дур хүслээ хангах, таашаал авах зорилгоор өөрийнхөө бэлэг эрхтнийг оролдох явдал юм. Ихэнх өсвөр насныхны хувьд гар хангалга хийж үзсэн эсвэл оролдлого хийсэн байдаг. Энэ нь огтхон ч ичих зүйл биш юм. Гар хангалга хийх нь эрүүл мэндийн асуудалд хүргэхгүй ч өдөрт хэт их хугацааг зарцуулснаар сургууль, нийгмийн амьдрал гэх мэт өдөр тутмын амьдралд сөрөг тал үүсгэх эрсдэлтэй байдаг.

Сарын тэмдгийн үед гар хангалга хийж болох уу?

Сарын тэмдэг ирсэн үед гар хангалга хийх нь хэвийн зүйл юм. Судалгаанаас авч үзвэл сарын тэмдгийн үеэр гар хангалга хийх нь аарцгийн цусан хангамжийг сайжруулж, сарын тэмдгийн өвдөлтийг бууруулахад тусалдаг байна. Гэхдээ ариун цэврээ сахих нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай.

Гар хангалга хийснээр жирэмслэх боломжтой юу?

Санаа зовох хэрэггүй. Гар хангалга хийх нь байдаг л зүйл бөгөөд хэзээ ч жирэмслэх шалтгаан болохгүй. Зөвхөн эсрэг хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж үрийн шингэн ялгарснаар эр бэлгийн эс, өндгөн эстэй холбогдож үр тогтох буюу жирэмсэн болноо.

Гар хангалга хийснээр бэлгийн замын халдварт өвчинтэй болох уу?

Чи өөртөө гар хангалга хийх нь бэлгийн замын халдварт өвчин авах эрсдэлийг бүрдүүлэхгүй. Бэлгийн замын халдварт өвчнийг халдвартай хүнтэй хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орсноор авах юм. Гэвч өөртөө гар хангалга хийж байгаа ч ариун цэвэр сахиагүйн улмаас нянгийн халдвар авах эрсдэлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс ариун цэврийг сахих нь маш чухал юм шүү.

Гар хангалга хийх нь бэлгийн харилцаанд асуудал үүсгэдэг үү?

Гар хангалга хийх нь бэлгийн харьцаанд ямар нэг томоохон сөрөг үр дагавар үзүүлэхгүй. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд бэлгийн харьцаанаас таашаал авахгүй байх магадлалтай.

Дур тавихгүйгээр гар хангалга хийх нь хэвийн үү?

Зарим хүмүүсийн хувьд ихэвчлэн дур тавихгүй ч гэсэн гар хангалга хийх нь таашаал өгдөг. Тиймээс гар хангалга хийхэд заавал дур тавихгүй шаардлагагүй ба энэ нь хэвийн зүйл юм.

Хүмүүс хэр их гар хангалга хийдэг вэ?

Гар хангалга хийх нь давтамж нь хүн бүхэнд ондоо. Хэр их давтамжтай хийх нь хувь хүний сонголт юм. Ихэнх тохиолдолд 7 хоногт 1, өдөр бүр, эсвэл огт хийдэггүй, хааяа л хийдэг  ч хүмүүс бий.

Гар хангалга хийх нь эмзэг хэсгийн үс шингэрэхэд нөлөөлөх үү?

Гар хангалга хийх нь эмзэг хэсгийн үс шингэрэхэд ямар ч нөлөө байхгүй. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай аль ч нөхцөлд гар хангалга хийх нь үс уналтад нөлөөлөхгүй.

Гар хангалга хийвэл онгон байхаа болих уу?

"Онгон байх" гэдэг нь хүн бүрийн хувьд өөр утга агуулгатай байдаг. Зарим хүний хувьд бэлгийн ямар ч харилцаанд орохгүй байхыг "онгон" байдлын илэрхийлэл гэж үздэг бол зарим хүний хувьд эсрэг секс хийж онгон хальс цоороогүй л бол "онгон" гэж үзэх нь бий. Тиймээс ихэнх хүмүүс гар хангалга хийх нь онгон байхтай огт хамааралгүй гэж үздэг.